Бадамлянхуа

Индонез авилгалын эсрэг тэмцэлийг тэргүүлж байна

Манай улсад Авилгалтай тэмцэх газар байгуулагдаад удаагүй байна. Миний амьдарч буй Япон энэ талаар мундаг мэт санагдаж байлаа. Үе үе шударга өрсөлдөөний хууль, төрийн албан хаагчийн хууль зэргийг зөрчлөө гээд нэр ус, нас, зурагтайгаар нь мэдээллийн хэрэгслээр хайр найргүй зарлаад хаяна. Телевиз нь ч, сонин нь ч. Манайхтай нэг адил нь бол шар сонин. Хамгийн эхэнд юмыг цухуйлгадага, бас хамгийн муу нэртэйгээрээ.

Тэгтэл Япончуудаас илүү завгүй байдаг нь Индонезийн Авилгалыг Устгах Хороо(Indonesia Anti-Corruption Committee) бололтой. Сухартогийн засаглалын дараа арай гэж энэ газар нь 2003 онд байгуулагдан, тэр болтол хуримтлагдсан булиханд гар хүрч эхэлжээ. Улсын прокурор, төв банкны ажилтан, орон нутгийн удирдлага гээд бүхий л давхаргийг хамарч. Хороо дотроосоо хүртэл авилгал илрүүлж чадав. Түүгээр барахгүй ерөнхийлөгч Юдоёоногийн том хүүгийн эхнэрийн эцэг болох экс төв банкны дэд ерөнхийлөгчийг хүртэл баривчилаад авав. Ингэснээрээ тэр болтол эргэлзээ ихтэй байсан авилгалыг устгах хорооныхоо нэрийг хардлагаас зайлуулсан гэгдэг байна.

Гэмт хэрэгтэнээс их юмгүй болоод байгаа энэ улсад, шорон нь хоригдлуудаар дүүрч, унтах цаг болохоор хөрвөөх зайгүй шахдаг гэнэ. Жишээ нь, нийслэл Жакартагийн Чипинаан засан хүмүүжүүлэх газар нь 1500-н хүний багтаамжтай ч, одоогоор 3000-аад хоригдол энд харяалалтай байна. 300 доллар хүрэхгүй цалинтай хуягуудад энэ нөхцөл нь орлогоо нэмэгдүүлэх арга нь болж, хоригдлууд гарт нь л юм атгуулбал гэртээ байгаа юм шиг телевиз үзэж, сонин уншиж, гар утсаараа ч чөлөөтөй ярьж болох нь. Хоригдогч нь мэдээллийн хэрэгсэл хэрэглэж болно гэсэн захирамж байдаг нь бас энэ асуудлыг сул тавихад нөлөөлдөг ч байж болох. Энэ мэт эргээд шорон нь авилгалын талбар болоод байгаа аж. Японд бол хоригдогчид "юм" зөөлөө л бол ажлаасаа халагдах жишээтэй л дээ.

Тэгсэн нэг гэрэлтэй мэдээ байгаа аж. Тус Чипинаан ЗХГ-т Хуулийн танхимд суралцаж их сургуулийн баклавар болж болох нь. Гэмт хэрэгтэнд өндөр боловсрол эзэмшүүлснээр дахин хэрэгт холбогдох нь багасдаг гэсэн Америкийн судалгааг мэдсэн "Индонезийн хүмүүжигчдийн Холбоо" их сургууль байгуулахыг анх санаачилжээ. Шорон гэхээсээ засан хүмүүжүүлэх төв гэсэн агуулгыг өндөрсгөх энэ жишээг, ЗХГ-ын захиргаа нь мэдээжийн хэрэг, бас Бункарно Хувийн Их Сургуулийн Хуулийн тэнхим дэмжиж ажил болжээ. "Оюутнууд"-ын дийлэнх нь өмнө нь төрийн өндөр албанд байсан хүмүүс. Шүүх хурал, хуулийн заалт гэж юу байдгийг нэг сонссон хүмүүс тул багшийг ч асуултаар дараад амыг нь таглах удаа цөөнгүй гардаг аж. Асуудлын гол нь тэдэнд авилгалын хэрэг үйлдсэн гэдэг гэмшил бага, дээд тушаалтны зааврыг дагаж золиосонд унасан гэж бодоцгоодог гэжээ. Тиймд хуулийн мэдлэг эзэмшүүлж байгаа нь, дан сургалтын төлбөрийн төлөө биш аж.

Нэмж хэлэхэд, ихэнх байгууллагад хууль бусаар олсон мөнгөө, байгууллагын дансандаа төвлөрүүлж байгаад нийтээр дахин зарцуулдаг "зуршил" энэхүү ухамсарын доголдолтой холбоотой бололтой. Манай авилгалтай тэмцэх алба маш олон ханатай тулгарч буй нь гарцаагүй. Ардчиллаас хойших, төрийн өмчийг шамшигдуулсан, зээл авч голорсон гээд олон хэрэг эзнээ хүлээж байна. Эргэн холбогдогчдыг олж үнэн мөнийг сэргээвэл, хүмүүсийн халаасны хоосрол гэхээсээ ухамсрын хоосролыг арилгах биз. Хөгжлийн явц нь ижил улсуудын энэ мэт туршлага бас сайн "гарын авлага" болох буйзаа.

Монгол улсын Авилгалтай Тэмцэх Газар http://www.iaac.mn/
http://www.antikorupsi.org/

0 Comments:

Post a Comment

<< Home

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!