Бадамлянхуа

Усыг нь уувал ёсыг нь дага

"Усыг нь уувал
Ёсыг нь дага" гэж өвгөдийн үг бий. Бас одоо миний сууж буй нутагт төстэй хэлц бас байна. Энэ нь болохоор шууд орчуулбал "Нутагт нь ороо бол Нутгийнханд захирагд" гэсэн үг болно. Энийг тэр гадаад улсаас орж ирж байгаа ёс заншил, бараа бүтээгдэхүүнд л хэлмээр л байна. Гадаад бүхэн нь нүүдэлчин дээдэстэй бидэнд нийцнэ гэж би лав бодохгүй байна.

Бид ч бас одоо суралцаж байгаа улсынхаа хэл, соёлыг нь сурч байна. Угаасаа сурах ч гэж ирсэн юм чинь. Хүн угаасаа дасан зохицох чадвартайг анхны хүн үүсч өдийг хүрэх хүртэлээ хэрхэн хувьсч, зохицож ирсэнийг харахад сайтар ойлгоно. Физилоги талаасаа ч тэр, сэтгэхүйн тогтолцооноосоо ч тэр. Бидний хэдэн Монголчууд талаар нэг тарж, газар газрын ёс заншлаас сурч, хэл соёлыг нь өөрийн болгож байна. Амар "р, л" хоёрыг ялгаж дуудах хэрэгцээгүй хэл зүйтэй арлын нэг улсад төрсөн биш. Хэл гэдгийг богино хугацаанд дууриагаад дуудчихна. Эдлэл хэрэглэлийг арвин хурааж, сууц орныг олноор сүндэрлүүлэгчидтэй, байгаль эхээн сэндийчэлгүй элбэг дэлбэгт биш хэл соёлыг, ухаан санааг бий болгосон өвөг дээдсийн минь гавьяа гэлтэй. Нийгэмших тал дээр бол олуулаа ч, ашгийн зөрчилгүй орчинд байвал хүмүүсийн ярьдаг шиг тийм ч нэг нэгэндээ дургүй нэг нэг хөндийг бөглөсөн зожигууд бас биш. Нийлээд ихийг хийе гэж зориод явж байгаа залуус олон байна. Эхнээсээ түүнийхээ үр шимийг ч хүртэж байгаа байх.

Ер нь бодож үзлээ л дээ. Яагаад "Усыг нь уувал Ёсыг нь дага" гэдэг юм болов оо гэж. Хариулт нь их амархан. "Нутгийн индиануудыг дууриавал ямартаа ч алзахгүй шүү!" л гэсэн үг аж. За тэр алзахгүй гэдэгт бас учир бий. Эсрэгээр нь туугаад, өөрийнхөөрөө зүтгээд байж болох ч, ихээхэн хэцүү бэрх зам хүлээх бий гэж байгаа юм. Яг шинэ ирсэн гарын зөв үү, уугуулуудын үг ортой юу гэдгийг хялам хараад мэдэмгүй. Бас мэдэшгүй.

Тэгтэл Дэрэм хүү бодож байна. Худлаа үнэн номын дуу сонслоо. Тэр цагт Төвд номын багш нар шиг түмэндээ амарлингуйг авчрахыг мөрөөдөн. Сурсан зүйл маань, хүссэн хүсэл маань миний ард түмэнд аз жаргалыг авчрах нь мадаггүй гэж. Гээд бодтол бас ч тийм хялбар эд биш юм аа, энэ "суулган шилжүүлэх" гэдэг ажиллагаа чинь. Шар орхимжтой ах нар харьж ирээд гэгээрсэн улсын хэлээр мануусыгаа гэгээрүүлэх гэж оролдсоныг нь бодохоор. Цаг солигдсон одоо ч өөрцгүй, ижий аав минь тэдгээр утга нь үл ойлгогдох ер бусын шидит үгсийг бүхий л сайн сайхныг төсөөлөнгөө шимтэн сонсох. Тэр нь тэрэндээ ивээл, сэтгэлийг авчирч, эрин цагийг ариусгах нигууртай мад аж ч, бодит агуулгыг нь хүлээгээд суугаа тархиан би яалтай.

Эргэн нэг харахаар Улаанбаатрын уснаас умдааллаж өссөн би бээр Монголын ёсыг өөрчлөхөөр зорих нь түмэн бэрх, мянган давааг туулахуйцаас зайлшгүйг санахуйя мятрашгүй ажээ.

Харийг би хүндлэвч
Хуулж Монголыг эвдэхгүй.
Улаанбаатарт өссөн ч
Ухаан нь Монголынх байг

Монголоор би сэтгэе, илрэл нь харин
Модерн байг.

0 Comments:

Post a Comment

<< Home

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!