Бадамлянхуа

Сайн уу, муу юу аль нь вэ хө?

Сүүлийн үед 0,1-ээр илэрхийлэгдсэн үзэл бодол нээтээр нэг түгэх боллоо. Ихээд гялалзах нь эх орны минь зүг чилгэсэн "одод"(бичлэгүүд). Тэдгээрийг уншиж суухнээ өөрөөсөө элдвийг эргүүлж асуумаар болох шиг.

*Тэдгээр="Одоогийн монголыг гаднаас нь харахад"
"Дотроос нь харахад"
а.
Ахын бодолд эх орон маань "Нүүдэлчдийн ухаан"-ыг умартах вий гэсэн түгшүүр бий. Бид чинь газар хөрсөө ухалгүй үй түмэн жилийн нүүрийг үзэж ирсэн улс. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийг хөдөлгөж байгаа нь бидний соёлд харшлах "уул, уурхай". Өвөг дээдэс маань газраа ухаж гэдсээ цатгаж ирээгүй нь лав. Хэдий цагийн байдал өөрчлөгдөж, хилийн зорчилт нээлттэй болсон ч нүүдэлчид биднийг Америк толгойтой бол гээгүй нь лавтай. Монгол хүн монголчуудын ухаан юу билээ гэж өөрөөсөө асуугаад үзэх цаг нэгэнт болсон гэлтэй...

Газар сэндийлж маргаашт хүргэлээ гээд
Гэдэс биш тархиа өлсгөх вий

Моод хөөж хөөрхөн боллоо гээд
Монголоо эрж гадаадаас асуух вий

б.
Хүссэн хүсээгүй олон улсын халз тулаанд дуудагдаад байгаа цаг аж. Хажуу айлтайгаа халтуурын орлогынхоо их багаар урд хойноо орж байгаагаа дүгнэх цаг биш гэлтэй. Улсынхаа ирээдүй, монголчуудынхаа төлөө хийснээрээ л өөр хоорондоо тэмцэлдмээр.

"Дарга нар нь идлээ уулаа. Жижиг томгүй алгуурхаж, ажил тасалдууллаа." гээд л ярьж байна. Мэдээж хүн юм чинь ичих булчирхайтай байгаа тэрийг нь аятайхан олоод гижигдчихвэл, тогтолцооны шинэчлэл, бүтцийн өөрчлөлт аль алинаас нь дутахгүй л байх. Хариуцлага гэдэг хүний ухамсарын л асуудал шүү дээ, хэн нэгэнтэй барьцах хэрэггүй байх. Жаахан зориг л шаардана биз. Нээлттэй болговол өөрт ч амар.

Нуусан болж ил идэхээс
Нийтэд дэлгээд тэнэгэр алха

Усыг нь уувал ёсыг нь дага

"Усыг нь уувал
Ёсыг нь дага" гэж өвгөдийн үг бий. Бас одоо миний сууж буй нутагт төстэй хэлц бас байна. Энэ нь болохоор шууд орчуулбал "Нутагт нь ороо бол Нутгийнханд захирагд" гэсэн үг болно. Энийг тэр гадаад улсаас орж ирж байгаа ёс заншил, бараа бүтээгдэхүүнд л хэлмээр л байна. Гадаад бүхэн нь нүүдэлчин дээдэстэй бидэнд нийцнэ гэж би лав бодохгүй байна.

Бид ч бас одоо суралцаж байгаа улсынхаа хэл, соёлыг нь сурч байна. Угаасаа сурах ч гэж ирсэн юм чинь. Хүн угаасаа дасан зохицох чадвартайг анхны хүн үүсч өдийг хүрэх хүртэлээ хэрхэн хувьсч, зохицож ирсэнийг харахад сайтар ойлгоно. Физилоги талаасаа ч тэр, сэтгэхүйн тогтолцооноосоо ч тэр. Бидний хэдэн Монголчууд талаар нэг тарж, газар газрын ёс заншлаас сурч, хэл соёлыг нь өөрийн болгож байна. Амар "р, л" хоёрыг ялгаж дуудах хэрэгцээгүй хэл зүйтэй арлын нэг улсад төрсөн биш. Хэл гэдгийг богино хугацаанд дууриагаад дуудчихна. Эдлэл хэрэглэлийг арвин хурааж, сууц орныг олноор сүндэрлүүлэгчидтэй, байгаль эхээн сэндийчэлгүй элбэг дэлбэгт биш хэл соёлыг, ухаан санааг бий болгосон өвөг дээдсийн минь гавьяа гэлтэй. Нийгэмших тал дээр бол олуулаа ч, ашгийн зөрчилгүй орчинд байвал хүмүүсийн ярьдаг шиг тийм ч нэг нэгэндээ дургүй нэг нэг хөндийг бөглөсөн зожигууд бас биш. Нийлээд ихийг хийе гэж зориод явж байгаа залуус олон байна. Эхнээсээ түүнийхээ үр шимийг ч хүртэж байгаа байх.

Ер нь бодож үзлээ л дээ. Яагаад "Усыг нь уувал Ёсыг нь дага" гэдэг юм болов оо гэж. Хариулт нь их амархан. "Нутгийн индиануудыг дууриавал ямартаа ч алзахгүй шүү!" л гэсэн үг аж. За тэр алзахгүй гэдэгт бас учир бий. Эсрэгээр нь туугаад, өөрийнхөөрөө зүтгээд байж болох ч, ихээхэн хэцүү бэрх зам хүлээх бий гэж байгаа юм. Яг шинэ ирсэн гарын зөв үү, уугуулуудын үг ортой юу гэдгийг хялам хараад мэдэмгүй. Бас мэдэшгүй.

Тэгтэл Дэрэм хүү бодож байна. Худлаа үнэн номын дуу сонслоо. Тэр цагт Төвд номын багш нар шиг түмэндээ амарлингуйг авчрахыг мөрөөдөн. Сурсан зүйл маань, хүссэн хүсэл маань миний ард түмэнд аз жаргалыг авчрах нь мадаггүй гэж. Гээд бодтол бас ч тийм хялбар эд биш юм аа, энэ "суулган шилжүүлэх" гэдэг ажиллагаа чинь. Шар орхимжтой ах нар харьж ирээд гэгээрсэн улсын хэлээр мануусыгаа гэгээрүүлэх гэж оролдсоныг нь бодохоор. Цаг солигдсон одоо ч өөрцгүй, ижий аав минь тэдгээр утга нь үл ойлгогдох ер бусын шидит үгсийг бүхий л сайн сайхныг төсөөлөнгөө шимтэн сонсох. Тэр нь тэрэндээ ивээл, сэтгэлийг авчирч, эрин цагийг ариусгах нигууртай мад аж ч, бодит агуулгыг нь хүлээгээд суугаа тархиан би яалтай.

Эргэн нэг харахаар Улаанбаатрын уснаас умдааллаж өссөн би бээр Монголын ёсыг өөрчлөхөөр зорих нь түмэн бэрх, мянган давааг туулахуйцаас зайлшгүйг санахуйя мятрашгүй ажээ.

Харийг би хүндлэвч
Хуулж Монголыг эвдэхгүй.
Улаанбаатарт өссөн ч
Ухаан нь Монголынх байг

Монголоор би сэтгэе, илрэл нь харин
Модерн байг.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!