Бадамлянхуа

Хотын хөгжил - Гэр хорооллоос эхлэх ёстой

Монголчууд маань дэлхийтэй танилцаж эргээд нэг монголтойгоо танилцаж байна. Дэлхийн хөгжилтөй томоохон хотуудад нийтлэг зүйл олон ажиглагдана. Тэдгээрийн нэг нь хотын захын бүсийн хөгжлийн хоцрогдол билээ.

Миний бодлоор энэхүү асуудалд өөрийнхөө үзсэн харсанаа тусгаж, байдлыг арай ээрдүүлье гэсэн залуус олон байх учиртай. Яг ингэж бодож байгаа таньд баяртай мэдээ дуулгая.

Таны үзэл бодлыг сонсоё, уран ухаан мэргэн санаагаа хандивлаач гэсэн уриалгатай доорх сайтан дээр танилцана уу.

http://biz.banjig.net/forum.php?b_type=forum&forum_id=1





Компьютерийг Хүүхэд бүрт !


Тус "Хүүхэд бүрт компьютерийг"(Оne Laptop per Child(OLPC)) төсөл нь дэлхийн хөгжиж буй улсуудын хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахыг зорилго болгож байгаа төсөл болно.

Товчхондоо бол дэлхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хүүхдийн боловсролд зориулж одоо өргөнөөр хэрэглэгдэж байгаа компьютерээс авсаархан, хямд хэрэглэхэд хялбар компьютерийг зохион бүтээхээр ажиллаж байгаа юм аа. Бүтээхээр зорьж буй компьютер нь хэмжээгээрээ 7-н инч,
үнэ нь 100-н ам.дол байх юм.

Эх сурвалж. http://laptop.org/

Энэхүү төсөл нь биелэлээ олтлоо хэд хэдэн үе шат дамжих ба эхний шатуудад компьютерийг зах зээл дээр шууд борлуулах төлөвлөгөөтөй байгаа бөгөөд үнэ нь ойролцоогоор 300 ам.дол байхаар төлөвлөж байна. Дараагийн шат буюу үндсэн шатандаа бол хөгжиж буй орнуудын засгийн газруудад компьютерийг нийлүүлэх болно.

Moнгол улсын хувьд манай Боловсролын Яамнаас хараахан албан ёсоор оролцоогоо илэрхийлээгүй байгаа.

Эхийг "
http://wiki.laptop.org/go/OLPC_Mongolia" -аас авав.

Ноён болох уу, номхон болох уу?

Х.Эрдэмбилэг

Номыг нь сурахгүй ч номхоныг нь сураарай гэдэг байлаа. Харин одоо ном сурч ноён болоорой, дарга болж доллар цуглуурай гэх болжээ. Хэрэв монголчуудаас ноён болох уу, номхон болох уу гэж асуувал, ноён больё хэмээн өрсөлдөн хариулах нь маргаангүй. Монголын нусаа гоожуулсан балчираас энгэрээ медалиадсан буурал хүртэл номхоноос эзэрхэг түрэмгий зан нь дээр гэж боддог гэхэд худлаа хэлсэн болохгүй байх. Арга ч үгүй, сурсан юмыг сураар боож болдоггүй билээ. Дал, наяад жилийн өмнө дарлагдаж явсан нь номхон хүлцэнгүй байснаас хэмээн хоймор дээрх шүтээнээ хогын жалганд чулуудсан улаан хувьсгалчдын удам, ардын хувьсгалыг ардаа орхиж ардчилсан хувьсгалтай золгосон ч эх нь шийр алаг бол үр нь шийр алаг гэдгийн үлгэрээр сурсан зангаа тавиагүй л явна. Ангийн дарлал, тэмцлээр хүмүүжсэн, магнаг үсэгтэй тугаа өргөсөн, мандтугай тархи нь номхон занд одоо хүртэл алергитай хэвээрээ. Номхон бол зодуулна, номхон бол дээрэлхүүлнэ, номхон бол хүүхэн тоохгүй, номхон бол хар хүү харахгүй, номхон бол нохой ч хүндлэхгүй, номхон бол гоонжоом өмсөхгүй, номхон бол боос болохгүй тиймээс догшин болж доошоо орохгүй байх нь хамгийн чухал. Тэгээд ч тэр үү, одоо Монголоор дүүрэн догшин улаан хувьсгалчдын хойд дүрүүд. Нөгөө ангийн дарлалыг устгаж, айх эмээх зүйлгүй, тэгш эрхийн төлөө тэмцэж, дарлуулж байсан нөхөд чинь нэг мэдэхнээ өөрсдөө дарлагчид болчихсон, тэрэндээ бүр ташаал хүртэн, онгирчихсон харайж явдаг байна шүү.
Ардчилал мандсанаас хойш бүр догшин хэрцгий боос (boss) зан моодонд орлоо. Өнөөдөр манай нийгэмд аль чадалтай нь айдас хүйдсээр бусдыг хөдөлгөдөг, малд л тохирох ёс суртахуун хэвийн үзэгдэл болжээ. Уг нь ноёд маань номхон байсан бол жаргалтай нийгэмд бид амьдрахсан. Гэвч бид ноён болохоор л хүн загнан, хөмхийгөө зуун, аймшигтай дүрд хувирчих юм. Дараалаад зогсчихож чадахгүй урдуур дайрна, хаалгаар эвтэйхэн ч зөрчихгүй түрүүлж данхалзана, хүнтэй хэдэн үг сольж чадахгүй Чингис мэт өөрийгөө хүндлүүлэх гээд хөшөө мэт зогсчихно. Эрхэм гишүүн нь эрхэм гишүүнээ заамдана, эрүүгийн элементээр өөрийгөө хамгаалуулна, интeрнэтээр эвтэйхэн ч санаа оноогоо солилцож чадахгүй, ална, хядана, хяргана, фак, сак оф л гэнэ. Яасан ч догшин, омголон улс вэ? Дайчин баатарлаг, догшин хэрцгий хоёрын ялгаа нь юундаа вэ? Зоригтой болох гэж байгаад зэрлэг болчихсон юм биш биз? Зэрлэг, харгис занг эндүүрээд дээдэлчихсэн юм биш биз?
Амьдад нь нэг нэгнээ хайрлаж хүндэлдэггүй юмаа гэхэд алж талаад бариад идчихгүйхэн шиг аятайхан харилцаад сурчих юмсан. Харилцааны соёл үнэхээр бидэнд алга, наад захын жишээ гэхэд л багаас нь эцэг, эх нь бусдыг хүндэлж баярлалаа, уучлаарай гэдэг үгсийг хэлүүлж сургаагүй учраас эдгээр үгсийг бараг үгсийн сангаасаа хасчихсан. Хэн нэгнээсээ уучлал гуйх үзэгдэл Монголд ерөөсөө гардаггүй бөгөөд үнэхээр гарсан гэвэл нар хиртсэн тоотой адил, ухамсараараа ч бус шүүх, цагдаагаар эрүүдүүлж байж уучлал гуйна. Бид харааж зүхэхдээ гарамгай атлаа, хараалаа цайруулахдаа ам нь эвлэдэггүй билээ. За, баярлалаа гэдэг үгийн тухай бол тамтаггүй олон зүйл бичээд ч хэрэггүй. Угаасаа хүнд хариу барих юмгүй ядуу хүмүүс баярлалаа гэдэг үгийг мартсан бололтой. Хүний тусыг албатай мэт авчихаад, аа гэх авиагүй алга болчихно. Эргээд хэрэгтэй бол ичих нүүргүй найрч эхлэнэ. Ингэж таг болдог нь баярлалаа гээд доош орохгүй байх бардам зантай нь холбоотой. Тийм л бардам юм бол хүнээс гуйлгүй амьдрах хэрэгтэй шүү дээ, бардам бадарчид өнөөдөр хол явахгүй ээ.
Бидний харилцааны соёл яагаад доройтсон вэ, монгол хүмүүжил хаана доголдов, бид хүүхдээ хүмүүжүүлж чадахаа байсан юм биш биз. Урьд цагт өвөг дээдэс маань үр ачаа хүнтэй зөв харилцахыг маш чухалчлан захидаг байлаа. Монгол хүмүүжлийн гол анхаардаг зүйл ч гэж хэлэхэд болно. Гэтэл одоо баахан баатрууд, намбалаг ярвагарууд л тааралдана. Заавал хүнийг сүрдүүлж, бишрүүлэх гээд Чингисийн баатар, хатан болчихсон, бусдын санаа оноог сонирхохгүй, өөрийгөө л ганцхан рекламдахын донтонгууд. Би нөж атган төрж, дэлхийг эзлэсэн Чингис хааны удам хэмээн бардам алхах залуус олон, түүнийгээ баталж дургүй хүрснээ нудрах гэсэн омог нь ч илхэн. Тэд дээдэс болох гэсэн үйлдэл нь доодос болгоод байгааг анзаарах ч сэхээгүй, гэтэл хүн бусдыг хүндэлж байж л өөрийгөө хүндлүүлдэг шүү дээ.
Чингисээс бид юуг нь авч, юуг нь гээх бэ? Тулгар төр байгууллагдсны 800 жилийн ойг энэ жил бид тэмдэглэхдээ, Чингис хааныг л өргөмжлөхөөс түүнийг мандуулсан энгийн ардыг бага дурсах юм. Тэд ер нь юу идэж уудаг, хэд насалдаг, хувцас хунараа хаанаас авдаг байсан юм болдоо, дан мах зулгаасан, арьс нөмөрсөн зэрлэгүүд яваагүй нь лавтай. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабанди хугацаагаа дуусахаас өмнөхөн монгол айл бүр хоймортоо Монголын нууц товчоо, морин хуур хоёрыг залах зарлиг гаргаж билээ. Энэ нь биднийг зөвхөн XIII зуун дээр очоод шигд гэсэн зарлиг биш болов уу? Хос шүтээн дээр минь нэмчихээр өсч төлжихийг бэлгэдсэн, өдөр тутмын амьдралд мөрдөх, өнөөгийн хүн төрөлхтний жишигт нийцсэн ёс суртахууны тулгуур болох өөр зүйл бидэнд байхгүй юу? Чингис хаанаа бурханшуулснаар бид хэт туйлширсан үндсэрхэг үзлийн суурийг тавьж байгаа юм биш биз.
Бидний амьдрал ядуу учраас ярдаг зантай болдог хэмээн зарим нь тайлбарладаг. Гэхдээ л хэчнээн ядуу ч гэлээ харгис занг өөгшүүлж болмооргүй. Тиймээс хүүхдийг хүмүүжүүлэх аргаасаа алдаа хайвал алдахгүй л байх. Монголчуудын дээдэлдэг зүйлс нь бүгд л ''эр хүйсний'' эзэрхэг чанарууд болжээ. Аливаа зүйлийг арга эвээр биш, аргалахын аргагүй хүчээр няц дарж, бяц дэвсэх хүсэл тэмүүлэлтэй хойч үе маань өсч байна. Монгол хүмүүжлийн догогдол, ёс суртахууны гажуудал, ухагдахууны хомсдолд орсон нь сүр хүчийг мунхагаар дээдэлдгээс илэрнэ. Хэн нэг нь муйхар хүчээр бусдын эрхийг зөрчсөн, хууль цаазыг эвдсэн бол монгол хүн хохирогчийг нь өмөөрөхийн оронд, мунхаг хүчирхийлэгчийг нь магтан, хохирогчийг “хохь нь хэрээ мэдэх нь яасан юм” гэж харааж суух юм. Мөн монгол хүнийг ташуурдаж байж дүрэм журам сахиулна хэмээн номлодог хүчирхийллийг дэвэргэсэн хүчний байгууллагынхан хүртэл байх юм. Мунхаг хүчийг хэзээ ч өөгшүүлж болмооргүй, Чингисийн Монголд ч ийм байгаагүй болов уу?
Чингисийг дахин төрүүлж, бусдыг дээрэлхэх мөрөөдөлтэй явдаг хүн олон. Аливаа зүйл хувьсдаг, хүн төрөлхтөн хүчирхийллийг буруу шааж буйг энэ нөхөд ер нь мэдэж байна уу, үгүй юу? Хүчирхийлэл, зөвхөн хүчирхийлэл төрүүлдгийг ойлгон өнөөдөр дэлхий нийтээрээ шахуу номхон болох хувьслыг хийж байна.
Уг нь бид ноён ч явсан, номхон ч явсан, юм үзэж нүд тайлсан, үндэс сууриа алдаагүй, хэлээ хадгалж ирсэн дэлхийн буурал үндэстний нэг билээ. Одоо жаахан аливаа зүйлд буйртай, суурьтай хандаж, үнэт зүйлсээ өөрсдөө тодорхойлмоор. Номхон занг бид буруу үнэлдэг. Номхон гэдэг нь эрх ашгаа хөсөрдүүлж ноомой яв гээгүй харин асуудлыг шийдэхдээ хүч хэрэглэхийг цээрэл гэсэн утгатай. Тэгээд ч санаа, бодлоо хүчээр түрэмгийлэлгүй хамгаалж чадсан нөхцөлд л жинхэнэ зориг гарахаас айсандаа болоод хүн очоод нудрахыг зориг гэхгүй байх. Одоогийн соёлтой хүн гэдэг утгыг манай өвөг дээдэс номхон гэдэг үгээр илэрхийлж, соёогүй болох гэж ухаарчээ. Учир нь сүргээрээ эвтэй найртай амьдардаг амьтад номхон, харин догшин хэрцгий, махчин амьтад бол ихэвчлэн ганцаар тэнүүлчилдэг. Монголчууд үүнийг аль эртнээс анзаараад үр хүүхдэдээ номыг нь сурахгүй ч номхоныг нь сураарай гэж захидаг байж л дээ. Хөдөө хээр өссөн нүүдэлчний хүүхэд олон дунд ороход номхон чанар дутах нь аргагүй. Энэ үг мөн залхуур гэсэн утгатай биш, Буддын шашинд номхоныг нь сурчихад номыг нь сурах ч амар болдог байж.
Өнөөгийн бидний соёлтой хүн гэдэг ухагдахуун их явцууржээ, бөөсгүй л бол соёлтой болчих мэт сэтгэнэ. Хүнд биеийн бөөсийг устгахаас гадна сэтгэлийн бөөсийг устгах хэрэг бас бий. Гэтэл манайхан ярвайгаад л байвал соёлтой, цэвэрч хүн болчих мэт бодно. Үнэндээ ярвайгаад, ярвайгаад бүх бактериас салж чадах юм уу? Хүн чинь бактеригүй орчинд амьдарч чадахгүй шүү дээ, яг л шалбаагны жараахай шиг. Тиймээс соёлтой хүн гэдгийг соёогүй хүн гэж ойлговол тохирох мэт. Эцэст нь, Монголд хэмжээлшгүй эрх дархтай сагсуу, өрөөлийг үгүйсгэсэн, өөрийгөө л дөвийлгөсөн боос, ноёд, хатагтай, эрхэм нараас илүү энгийн, даруухан, номхон, соёлгүй, ажилсаг иргэд хэрэгтэй юм биш үү? Номхон иргэдтэй нийгэмд л сэтгэл амар, аз жаргалтай, тайван амьдрах билээ.


Open Society Forum
http://www.openforum.mn/contents.php?coid=1434&cid=143
aac aвав.

Өөрийн сэтгэгдэл

Номхон хүн соёлтой хүн хоёрын ялгаа гэвэл тухайн улс бүрийн соёлын онцлог зэргээс хамааран тодорхойлогдоно. Мөн дээрх өгүүлэл дээр гарч буй боловсролтой хүн болон харилцааны соёлтой хүн хоёрын тодорхойлолт дутмаг санагдлаа.

Миний өөрийн мэдэх харилцааны соёлтой хүн гэвэл хэн нэг албан тушаалтан дээр уулзах гэж орж байгаа энгийн ард, баярын индэр дээр үг хэлэх гэж байгаа нэгэн, үзмэрч оточ дээр биеэ асуух гэж байгаа зовлонтой нэгэн л байх шив дээ. Энэхүү миний тодорхойлсон шалгуур нь хэт нэг хүний үзэл юм л даа. Гэхдээ хэн хүний хэлэх дуртай болоод байгаа дэлхийн жишиг гэдэг дээр тулгуурлахаар ийм л хатуу жишиг үүсээд байгаа юм. Бид чинь угаасаа гэртээ байхдаа орой унтахдаа ч, өглөө босохдоо ч ээж аавдаа нэг үг хэлж үзэлгүй өссөн шүү дээ. "Сайхан амраарай", "Өглөөний мэнд, сайхан амарсан уу" гэдэг чинь зуслан дээр л хэлдэг үг шиг "баяр, ёслолын" аяс агуулсан байдаг. Гэтэл бодит амьдрал дээр өөрийн улсын харилцааны соёл гэдгийг дэлхийн жишиг болгоод авсан баруун европийн орнуудын үгийн санд эдгээр үгнүүд хамгийн их хэрэглэгддэг үгэнд ордог.

Угаасаа ийм үгийг өргөн хэрэглэж заншаагүй улсууд бол бүр гадаадаас тэр чигээр нь өөрийн үгийн сандаа оруулсан жишээ бол бий. Жишээ нь миний мэдэхийн Турк улс Франц хэлнээс өдөр тутам хэрэглэх харилцааны мэндчилгээ болон уучлал эрэх зөвшөөрөл авах үгсийг цөөнгүй авсан байх. Тэдгээр нь хэлэхэд энгийн хялбар. Гэтэл манай улсад бодит байдал бол "Баярлалаа", "Уучлаарай" хоёр гэсэн урт үгс л ихэнх тохиолдолын ерөнхий томъёо болж байна. Энэ ч аргагүй юм бидний мэдэх өв тэгш үндэсний хэлний маань гарамгай удирдагч бараг алга. Бидний хамгийн сайн мэдэх Б. Ринчин гуай маань ардчиллын өмнөх хүн. Энэ шинэ нийгэмд ч гэсэн ингэж монгол хэл чинь гайхамшигаа алддаггүй юм гээд мануусыгаа бишрүүлэх хэл зүйч, үндэсний хэлний удирдагч хатуухан хэлэхэд одоо алга. Бидний сонсч байгаа нь л тв-ийн сэтгүүлчид, улс төрчид. Тэдний хэл ярианы соёлыг дутуу үнэлсэн хэрэг биш ч залуу хойч үеийг залан дагуулаад өгөх үнэн монгол хэлтэн ховор байна. Үгүйлэгдэж байна.


Анддаа


...

Сэтгэл цагаан анд минь, томоогүй инээмсэглэлээ дахин бидэндээ үзүүлээч
Эвтэй хэвлэгхэн аалиараа дахин биднийгээ дулаацуулаач
Санаанаас гарахгүй нь гэгээн дүр чинь, зүрхэнд мөнхрөнө тэр л чигээрээ
Эмгэнэж байна бид чинь, үгүйлж байна бид чинь

...

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!