Бадамлянхуа

Яах гэж ажиллана вэ?

Яах гэж хүн ажилладгийг ойлгодоггүй үе байлаа. Энэ талаар олон талаас нь бодож тайлбар хийж болно байх. Гэхдээ би үеийн олон залуустайгаа тэр тусмаа үзэж туулсан нь ижил гэдэг утгаараа ойлголцоход амар орчинд орж хамтарч арга хэмжээ зохиогоод ажил гэдэг үгийн цаад утга нь надад өөрөөр мэдрэгдэх болсон юм. Энэ нь зөвхөн ажиллаж тэрнийхээ хариуд хөлс авах биш нэгэнт чөлөөт хүний нийгэмд өөрөө л ажлыг сонгож байгаа хойно өөртөө тохирсон уйдахааргүй ажил(Ажил гэхээр л уйтгартай хийхээс өөр аргагүй болоод хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг үе байсан болохоор тэр л дээ.) сонгоо гэсэн үг юм. Өөрийгөө хөгжүүлэх гэж ажиллах гэдгээ улам бүр ухамсарлах болсон хэрэг л дээ. Таны сонгосон ажил хэцүү байж болно. Гэхдээ та өөрөө сонгоод үүнээс сэтгэлийн таашаал ч юм уу, ирээдүйд хэрэг болох дадал туршлага олж авах учир сэтгэл хангалуун байх болно.

Шалтаг тоочиход учир вий!

Өдөр тутмын маань амьдрал хүний харилцаанд оршдог. Тэр дотор хүмүүс бид хоорондоо инээд, баяр бэлэглэлцэж, гутрал гунигаа хуваалцаж байдаг билээ.

Гэхдээ бас жирийн харилцаа болон бизнесийн харилцаагаа эхнээсээ сайн ухамсарлаж байх нь хэлэх юун. Шалтаг тоочно гэдэг нь найз нөхдийн хооронд бол бие биенийгээ үл ойлголцоогүйгээс ч юм уу, аль эсвэл хэн нэг нь хайнга хандаад амлалтаа биелүүлээгүй зэрэг гээд байж болно. Уг нь бол нөгөө шалтаг сонсож байгаа нь улам л хэцүү байдалд орж дээр нь тэр хүний шалтагыг сонсож буй учир байж болохгүй л дээ. Гэхдээ бизнесийн буюу ажлын харилцаанд аав ээж, эсвэл найз нөхөддөө хэлээд өршөөгддөг тийм шалтаг бол хэзээ ч үйлчлэхгүй.

Ер нь шалтаг тоочихгүй амьдарна гэдэг сайн боловсорсон хүний л чадах ажил мэт боловч хэн хүн алтан хэдэн дүрмийг баримталбал хэнд ч хоосон шалтаг тавилаа гэж хэлүүлэхгүй болно.

1. Яг яах аргагүй таны зүгээс амласан амлалт, болно байх гэж бодож байсан зүйлээ амжуулж чадаагүй бол үнэн сэтгэлээсээ уучлал гуйх хэрэгтэй. Тэгэхдээ огтхон ч урт тайлбар тавьж болохгүй шүү. Таны хувийн үйл явдал болон таньд юу юу тохиолдсоныг уртаар биш товч бөгөөд хүн ойгохоор тайлбарлахыг хичээгээрэй.

2. Өмнө нь тавьж байсан шалтгаа нэг хүнд дахин хэлэхгүй байх. Бид 10-н жилд байхдаа багшдаа янз янзын л үлгэр зохиож уйтгартай хичээл, бэлдээгүй шалгалтнаасаа зугтаадаг байсан шүү дээ. Тэгвэл одоо та нэгэнт нийгмийн хүндэт нэг гишүүн иргэн болсон болохоор тийм зүйл дахин амжилт олохгүйг надаар хэлүүлэх юун. Багшийн өмнөөс биш өөрийнхөө өмнөөс амьдарч буй учир тэр шүү дээ. За гол зөвлөгөөндөө оръё. Хүн бүр алдаанаасаа суралцдаг. Гэхдээ хэрхэвч давтаж болохгүй. Шалтаг ч мөн адил. Яах ч аргагүй эхний удаад гэндээд хэн нэгнийг болзсон цагаасаа хоцорч хүлээлгэсэн бол хоёрдохоо тэр хүн таныг тийм явдал гаргахыг хэрхэн ч тэвчихгүй. Харин яг яагаад ийм алдаа гаргачихав гэдгээ сайтар бодож өөрийнхөө дутагдалыг сайн мэдээд авах хэрэгтэй. Магадгүй энэ нь таны ирээдүйн том амжилтын эхлэл ч байж мэднэ.

3. Өөрийнхөө дутагдалыг бусдад бүү ойлгуулахыг хичээ. Би угаасаа л тийм ийм юм чинь тэгээд л амлалтаа биелүүлж чадсангүй. Би угийн тийм дутагдалтай хойно...гэсэн зүйл огт бусдад тайлагнаж болохгүй. Энэ нь зөвхөн таны үнэ цэнийг унагааж бусдын дургүйг л хүргэнэ. Хэнд ч ашиггүй. Ер нь таны дутагдал гэдэг бол таны л асуудал бөгөөд бусдад огтхон ч хамаагүй зүйл. Тиймд дотроо өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хэрэв та арай бэлэн болоогүй бол шийдвэр гаргахдаа, бусаддаа цаг болзохдоо анхнаасаа энэ дутагдалаа бас давхар бодолцохоо мартав аа.

4. Аливааг бусдын буруу болгох. Хэзээд тийм бусдад гай болж байдаг хэн нэг нь байх ёстой хорвоо биш шүү дээ. Тиймд өөрийнхөө бурууг хэн нэгэн лүү хээв нэг түлхэж болохгүй. Үнэхээр та тэдний золиос бол үгээ сайн бодож өөрийнхөө үүрэг оролцоог тунгаагаад зөв шүүмжлээрэй. Гэхдээ шүүмжлэнэ гэдэг учиртай хойно өөрөө зөвхөн энхийн цагтаа мэт аашилж хэрхэвч болохгүй шүү. Өөртөө байдаг дутагдалаа бусдад тайлагнаад л байх биш засах нь зүйтэй. Хэрэв засахгүй бол энүүгээрээ түрий барьж огт болохгүй. Таныг хүмүүс хүндлэхээ болих аюултай.

Шалтагийн талаар бүтэн нэг ном бичсэн ч болохоор олон жишээ надад бий. Угаасаа би өөрөө анхнаасаа хүнд багшлахаар мундаг нөхөр биш л дээ. Харин сайн хамт олны хүчинд бага багаар өөрийнхөө сул талуудтай тэмцэж утгагүй шалтаг тавихгүйг хичээж байгаа нэгэн. Миний бодлоор та ч бас дээрх хэдхэн зүйлийг л сайтар сахивал хэн нэгний бухимдалыг төрүүлж өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй болно биз ээ.

Жич: Үргэлж чухал юм бичдэг ч, хааяа бас хөгжилтөй юм толилуулъя даа. Энэн дээр нэг дараарай!

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!