Бадамлянхуа

Мэргэжил бүхэн сайхан

Арван жилээ төгсөх боллоо. Хүүхэд болгонд баяр хөөр бас ирээдүйгээ төсөөлөх дэрвүүн бодлоор дүүрэн байсан биз ээ. Гэхдээ яг ажил мэргэжлийн талаар төдийлөн тодорхойгоор шийдээд байсан хүүхэд ховор мэт санагдаж байна. Энэ нь судалгаагаар ч бас батлагдсан байна. (“Мэргэжлээ зөв сонгоход тань” номны судалгаагаар) Би ч өөрөө нуулгүй хэлэхэд тэдгээр хүүхдүүдийн нэг байлаа. Мөн тус судалгаагаар ихэнх хүүхэд өөрийнхөө сонирхож буй мэргэжлийг "хуульч, эдийн засагч" гэж ээ. Нэг бодлын энэ нь нэг үндэстэний хойч үеийнхэний сонголт гэхэд туйлын эмгэнэлтэй юм. Нийгмийг дэмжиж явдаг бусад салбарын мэргэжилтнүүдгүй бид яах вэ?. Хэдий банк санхүү, үнэт цаасны мэргэжилтнүүд, нягтлан, нярав, компанийн менежэр, хуульч, улс төрч, улс төрийн тоймчид байгаад нийгмийг бүхэлд нь авч явж огтхон ч хүчрэхгүй нь ойлгомжтой.

Гэтэл ер нь энэ асуудал гадаад улсад хэр байдаг бол гэж сонирхлоо. Юун түрүүнд энэ нь суурь боловсролтой салшгүй холбоотой асуудал тул суурь боловсролоороо дэлхийд хамгийн тэргүүнд алхдаг Финландын жишээтэй танилцая.

Финланд гэхээр та юун түрүүнд гар утасны "Nokia" компанийг санах буй за. Тэр нь ч таны бодсончлон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөхөөр том компани юм. Мөн Финланд энэ мэт үйлдвэрээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн өрсөлдөх чадвараараа тэргүүний орноор шалгараад байгаа билээ. Энэ улсад боловсролыг эрхэмлэж түүний чанарт ихээхэн ач холбогдол өгсөөр иржээ. Угаасаа Балтын тэнгисийн орчим улсууд өндөр татвартай юм чинь боловсрол гэсэн нийтийн халамжын салбартаа анхаарал хандуулах нь аргагүй гэх хүн ч байж болох юм. Гэхдээ яг юугаараа давуу талтай болоод дэлхийн бусад хөгжилөөрөө тэргүүлэгч улсуудыг ардаа орхиж чадаваа гэвэл нэгтгээд нэг л өгүүлбэр хангалттай болов уу гэж бодож байна. "Боловсрол яагаад хүнд хэрэгтэй юм бэ?" гэж сурагчаар өөрөөр нь сэтгүүлж байж өөрөөр нь танин мэдүүлэх. Жишээ нь бага сургуульд байхаас нь олон олон газруудаар айлчлуулж тухайн газруудад ямар ямар мэргэжилтэй хүмүүс ажил хийж байгаатай танилцуулах нь чухал юм. "Мэргэжил хүнийг биш хүнийг мэргэжил голдог" гэдэг үг байдагчлан сайн эзэмшсэн мэргэжил хэрхэн нийгэмд ашиг тусаа өгч, улмаар тэр мэргэжилтэн ч гэсэн үүнд урамшиж байгаатай танилцах алтан боломж юм. Ахлах ангид орсон хойноо ажлын дадлага хийх нь ч бас их нөлөөтөй буй за.

Мөн Финландын бас нэг онцлог нь хүүхдийг шахаж биш өөрөөр нь хэрэгцээг нь мэдрүүлж байж хичээлээ эхлүүлдэг гэх. Жишээ нь түүхийн хичээл байлаа гэхэд ямарваа нэг одоогийн байдалыг тайлбарлахад урьдын түүхийг зайлшгүй сөхөж үзэх шаардлагатай гэдгийг эхлээд ухааруулбал хүүхэд хичээлдээ ч их анхааралтай сууж, харьсан хойноо ч бас дэлгэрүүлэн судлах нь лав. Тэгж байж л хичээл нь сурагчид мэдлэг болж үлдэх учиртай. Улмаар хичээл үр дүнтэй болж сонирхолгүй хичээлд хүчээр сууж байна гэж өөрийгөө ойлгох сурагч ч цөөрөх буй заа.

Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нь дэмий сэлгүүцэж хэт олон цагаар компьютэр тоглоом тоглохын нэр биш. Төрөл бүрийн уралдаан, тэмцээн, олимпиад, спортын арга хэмжээ хангалттай зохиогдож байвал сурагчдын дэмий сэлгүүцэх магадлал төдий чинээ багасах учиртай. Түүнээс гадна, шамдаж оролцож амжилт гаргасан тэмцээн уралдаандаа урамшин тэр чиглэлийн мэргэжлийг сонгох тохиолдол ч бас бий. Тийм учир иймэрхүү тогтмол зохиогддог арга хэмжээнүүд хүүхдийн ирээдүйд хичнээн их ач холбогдолтойг харуулж байна.

Энэ улсад мэргэжлээ сонгохдоо бас ирээдүйн цалин маань хэд билээ гэж бодохоосоо илүү үнэхээр энэ мэргэжилд би дуртай билүү миний авъяас чадвараа бүрэн дүүрэн нээж ашиглах ажил болов уу, түүнчлэн энэ ажил дур сонирхолд минь нийцэж байгаа билүү гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй шүү гэдгийг сайн анхааруулдаг байна. Мэдээжийн хэрэг сургуулиа төгсөх дөхөөд ирсэн хойноо биш өмнөөс өөрөөсөө энэ асуултыг асууна байх. Бидний мэдэх ихэнх тохиолдолд их сургуульд орсон хойноо эсвэл тэнцсэн их сургуулиараа шийднэ гэдэг. Энэ нь нухацтай бодож үзвэл үнэхээр мухардмал байдалд орсон хүний л ажил. Улс нь амжилттай мэргэжилтэнтэй болох магадлал төдий чинээ багасна л гэсэн үг.

Янз янзын мэргэжил байна. Амьтан судлаач, хөгжмийн зохиолч, компьютэрийн программ зохиогч, төмөрийн үйлдвэрийн инженэр, тв-ийн зураглаач, бараа бүтээгдэхүүний дизайнер, засал чимэглэлч, будагчин... Аль аль нь няхуур ажиллагаа, ухаан шаардсан өөрийн онцлогтой мэргэжилүүд. Бидний өдөр тутмын амьдралыг эдгээр мэргэжилгүйгээр төсөөлөхөд бэрх. Ерөнхийдөө ийм ийм мэргэжил байдаг гэх биш нарийн ялгаатай үүрэгтэй олон ажил мэргэжил байдаг гэдгийг бас хүүхдүүддээ таниулмаар байна. Инжэнэр гэхэд л барилгын инженэр, зэсний үйлдвэрийн инженэр, талхны үйлдвэрийн инженэр гээд дотроо өөр хоорондоо сурсан мэдлэгээрээ ондоо хүмүүс байх. Юу хэлэх гээд байна вэ гэвэл яг тийм мэргэжлээр ирээдүйд гүнзгийрүүлж сурмаар байна гэсэн багын мөрөөдөлтөй, тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн бие даан өдийг хүртэл мэдлэгээ хуримтлуулж ирсэн хүүхэд залуучууд улам олон болох хэрэгтэй байна. Өөртөө таарсан мэргэжлээ сонгоход мэдээллийн үүрэг их ээ. ТВ, радио, сонин хэвлэл, ном, интэрнэтээр мэргэжлүүдийн талаарх хангалттай мэдээлэл өгөх ёстой. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж байгаа аав ээж ч бас хүүхдүүдээ адил мэргэжил рүү урин далладаг шиг сайн ажиллаж байгаа та ч бас хэн нэгэнд үлгэр болж, мөрөөдөлийг нь жигүүрлэх ч юм билүү. Нэг ёсондоо тэгэж байж л сүүлд нь чи мэргэжлээ сонгов уу гэж бид хойч үеэсээ асуух эрхтэй болно.

Хүүхэд гэдэг их сониуч байдаг. Юмыг сонирхож мэдэхийг хүснэ. Тэгээд өөрийнхөө хамгийн их сонирхож буй зүйлээ гүнзгийрүүлэн сурвал түүнээс сайхан мөрөөдлийн биелэл гэж ховорхон. Гэтэл сүүлийн үед мэргэжлээ эртнээс сонгох нь ховордож байгаа нь сайн мэргэжилтэн болох бэлтгэл төдий чинээ ховордож байна гэсэн үг. Үүнтэй л бүгдээрээ тэмцэх цаг бус уу.

Нийгмийн харилцаа

Нийгэм гэдэг бол нэгээс дээш иргэдийн олонлог юм. Робинзон Крузо шиг орь ганцаараа амьдрах нь яг нийгэм гэж хэлэгдэх эсэхийг сайн мэдэхгүй юм. Энэ талаар нэг их дурьдагддаггүй болохоор бодвол ийм тохиолдол туйлын ховор эсвэл байдаггүй байх. Байлаа ч нийтэд дуулдах нь ховор.

Гэтэл энэ талаар сайн бодоод үзье. Ер нь хүмүүс хоорондын харилцаа тун ээдрээтэй. Үргэлж найрсаг, тайван, дотно харьцаатай байна гэдэг нь харилцагч талуудаас маш их шалтгаална.

Нэг энгийн жишээг ургуулан бодоё. Та хэн нэгэнтэй дотно харьцаатай болно. Тэгтэл та 2-ын хэн нэг нь нөгөөгөө "гомдооно". Шалтгаан болон үйл явц нь янз янзын л байж болно. Хамгийн гол нь тэр дунд үндэслээд ургаж байсан "итгэл"-ийн нялх ногоо л гэмтэж цаашид ургахааргүй болно. Тэр нь хүчтэй салхи, хурц нар, үер ус аль аль нь ч байж болно. Дэггүй ямаа ч байж мэднэ. Энэ ямааны жишээ арай ондоо юм уу. Ямаа чинь өөрөө бас "амьдрах" гэж зүлгийг сүйтгэж өвс иднэ шүү дээ.

Үгүй ээ, тэгвэл эсрэгээрээ нөгөө нь нэгнийгээ гомдоосон нь үргэлж санаандгүй зүйл биш бас зүгээр л өөрөө л амьдрах гэж "цааш алхах" гэж итгэлийн тэр нялх ногоог юман чинээ бодсонгүй.

Гээд бодохоор хүний нийгэм гэдэг өнгөцхөн харахад нийтээрээ эвтэй найртай амьдарч буй мэт боловч цаана нь "зөвхөн хар амиа" л бодсон хэсэг байгааг муйхар жишээн дээрээ үндэслээд таньж мэдлээ.

Тэднийг бид муулж чадахгүй ээ. Эсрэгээрээ бид ч бас цааш алхах хэрэгтэй учир, юуны ч юм төлөө хэрэгтэй үед хэн нэгнийг гарзанд гаргахаас сийхгүй, чадаж байвал.

Тэр нь зодоон, хэрүүл, гүтгэлэг, доромжлол, хараах янз бүр байж болно. Мөн чанар нь нөгөө хүнээ эмзэглүүлж нэг ёсондоо үл ойшоож байна аа л гэсэн үг.

Хэн нь буруутай байлаа ч гэсэн хүн төрөлхтөн шиг дээд зэргийн хөгжилтэй хэл соёлтой иргэний хийж явах зүйл биш баймаар. Эрүүлээр сэтгэхгүй хэт "сэтгэлийн хөдлөл"-өөр хандаж, толгойныхоо байрыг зүрхэндээ мэдүүлсэн л хэрэг.

Хууль хэдий байлаа ч хууль сахиулагч нь хэн хүнийг авралын гараа сунгаад авраад байдаг ид шидийн дохиургүй. Хуулийн "хүндлэгч" нь бол таныг хуулийн цоорхойгоор, огт тоодоггүй хүн бол таныг ил тодоор л сэтгэлийн гүн шархтай болгоно. Ер нь таныг гомдоогч шүүхийн хариуцлага хүлээлээ ч таны эдэлсэн шаналал арилчих биш. Ял шийтгэл гэдэг хэн нэгнийг доромжилж, сэтгэл санааны дарамтад унагааж бас хуулийн заалт зөрчиснийх нь төлөө биш тэр гэмт хэрэгтэнийг дахин зүйл ангийг үл тоомсорлохоос нь сэргийлж сануулга өгч байгаа л хэрэг шүү дээ.

Гэх мэт олон зүйлийг эргэцүүлэн бодохоор хэн нэгнээс эмээх зүйлгүй орь ганцаараа оршин суух хичнээн сайхан, таны ая тухыг хэн ч алдагдуулахгүй, бас хэн ч таныг үзэн ядаж өөрийгөө зовоохгүй. Мөн таны зүрхийг шархлуулах хорон үгийг хэн ч хэлэхгүй биз. Та энэ талаар юу гэж бодож байна?

Миний бодож байгаа шийдэл:

Хүний нийгэмд амьдрахын тулд заавал мэдвэл зохих үндсэн ойлголтуудыг "боловсрол"-ын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрцгөөе. Бага дунд сургуулиасаа заая. Асуудлын гол болдог бусад хүнтэй харьцахдаа үг соёлоо анхаарахыг, олон олон бухимдалын үндэс болдог цаг барихыг, санаандгүй алдаа гаргасан үедээ сэтгэлээсээ уучлал гуйхыг... залуу жаахан хойч үедээ зааж хэвшүүлье.

Энэ нь монгол улсын хувьд зайлшгүй юм. Хэт олноороо төвлөрөн амьдрах нь бидний хувьд шив шинэ зүйл. Орчин маань өөрчлөгдөж байхад түүнтэй уялдаад олон зүйлдээ бид өөрсдөө өөрчлөлт хийхгүй бол горьгүй нь.

Аливаа зүйлийн цаана 1. өөрөө сэтгэж өөрөө хөдлөнө гэсэн хариуцлагаа мэдрэх, 2. юм бүхнийг болох эсэхийг нь хүнээр сүүлд хэлүүлэх биш өөрөө ухамсарлах зайлшгүй хэрэгцээ бий.

Бидний эдэлсэн шаналалыг тэд бүү амсаг!

Хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржийн зах зээлд оруулж буй хувь нэмэр хэмжээлшгүй их юм. Чөлөөт зах зээлийн бэлэг тэмдэг ч гэж хэлж болох талтай. Учир нь энд компаниуд өөрсдийнхөө үнэт цаасыг арилжаалж түүнийг нь нийт хувьцаа эзэмшигчид нь зарж, худалдаж авна. Хэрэв нэг компани үнэхээр нийт хэрэглэгч, улмаар нийгэмдээ хэрэгтэй үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлж амжилт олбол тэр компаний үнэт цаасны зах зээл дээрх хувьцааных нь үнэ ч бас өснө. Цаашлаад үйл ажиллагаагаа өргөтгөхөд нь хөрөнгийн эх үүсвэрийн асуудал шийдэгдэх юм. Мөн эсрэг тохиолдол ч учирч болно. Үйл ажиллагаа нь ахицгүй газар мөнгөний эх үүсвэр хэрэгтэй боллоо ч хөрөнгө оруулагчид авч хэлэлцэхгүй. Гэх мэт энэхүү том зах зээл нь нэг ёсондоо компаниудыг амжилтаар нь жагсаасан зогсолтгүй үргэлжилж байдаг "тэмцээний дүн" -гийн хүснэгт гэлтэй.

Гэтэл та бидний сайн мэдэх энэ тогтолцоо нь үнэхээр сайн газруудыг л дэмжээд байна гэвэл нэг үгээр хэлэхэд тийм биш тохиолдол цөөнгүй. Яг үнэнийг хэлэхэд зөвхөн өөрийн хөрөнгийг өсгөх сонирхолтой хөрөнгө оруулагч бол ашиг гэдгийг л нэгдүгээрт тавьж бусад дээр дурьдсан "нийгмийн" талаар үргэлж бодож байгаа гэж хэлэхэд хэцүү. Тухайн хөрөнгө оруулагчын эзэмшиж буй хувьцаа нь өсөх хандлагатай байгаа ч үнэндээ тэр компани нь байгаль орчинд сөрөг нөлөөтөй үйл ажиллагаа явуулж буй байхыг хэн мэдэх вэ.

Үүнийг "хэрэгтэй мэдээллийн хомсдол" гэнэ. Одоо цагт мэдээлэлийн систэм хөгжөөд хэр барагийн таагүй мэдээ бол шалав дуулддаг болсон шүүр дээ гэж та бодож байж болох юм. Гэтэл мэдээллийн дотор яг таньд хэрэгтэй нь хэр олдоцтой билээ гээд бодохоор бас сайн хөгжөөгүй байгаа нь илэрхий.

Дүгнэлт.
1.Компанийн хувьцааны үнийг бодитоор тогтооход ширээний ард суугаад зөвхөн үнийг нь л сонирхож байгаа хөрөнгө оруулагчаас, яг тухайн компанийн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн оршин суугчид, иргэд эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүртэж байгаа хэрэглэгчид илүү эрхтэйгээр оролцох нь зохистой.
2. Мэдээлэл гэдэг нийтэд адилхан нээлттэй байх ёстой.

Пирамид

Дэлхий дээр Египэтээс бас өөр газар пирамид байдаг гэж өнөөдөр тв-ээр үзлээ. Нарийн судалбал сонирхолтой зүйлүүд нэлээн бололтой.

1. Яагаад Мексикийн пирамидууд 30 гаруйхан метр байхад Египэтийнх 100 гаруй метр байдаг вэ?
2. Ер нь нэг пирамидыг хийхэд хэдий хэрийн зардал ордог вэ?
3. Яагаад заавал анхнаасаа пирамидыг барих болсон гэж?
4. Пирамидын дотор хаадын шарил ч юм уу, тэдэнд хамаатай зүйл бий юу?

За тэгээд уншигч та бараг юу хэлэх гээд байгааг маань гадарласан байх. Шулуухан яриандаа оръё.

Учир юу вэ гэвэл пирамидын бүтээн байгуулалт эд өрнөж байсан 4000 гаруй жилийн өмнөөс л Африк тивийн хөгжилт цэцэглэлтийг тэтгэж ирсэн Нил мөрөн үе үе үерлэж тариаланчдыг ажилгүй болгодог байж. Ийм эдийн засгийн эгзэгтэй үед тэднийг ажлаар хангаж авардаг байсан нь энэ пирамидын бүтээн байгуулалт байж. Фараонууд үнэхээр ард түмэнээ бодож хийсэн алхам эсэх нь тодорхойгүй ч нийт улсынхаа төсвийн 4-ний нэгийг үүнд зарцуулдаг байсан гэх. Өөрсдийгөө тахин шүтэж бусдыг үгүйсгэгчид шиг эрх мэдэл, сүр хүчээ илтгэх гэж бүтээсэн ч байж магад.

Гэхдээ л яг юунд хэрэгтэйг нь хэн ч үл мэдэх эдгээр пирамидууд одоо улсынхаа төсөвт дорвитой хувь нэмэр оруулж байгаатай хэн ч маргахгүй биз ээ.

Манайхаар зочилсон -н зочиндоо хүслийн дээдийг бэлэгдэе!